Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

БАГА, СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ТӨГСГӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ЖУРАМ PDF Хэвлэх Имэйл
БАГА, СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ТӨГСГӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ЖУРАМ
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ

2005.12.28                                  Дугаар 435                        Улаанбаатар хот

Журам батлах тухай
Монгол Улсын "Бага, дунд боловсролын тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсгөлтийн шалгалтын журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэхүү журмыг ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, эцэг эх, олон нийтэд сурталчлах, 2005-2006 оны хичээлийн жилийн төгсгөлтийн шалгалтын бэлтгэлийг хангах ажлыг зохион байгуулахыг Боловсролын газар /Р.Бат-эрдэнэ/, Мэдээлэл хяналт шинжилгээний газар /М.Баасанжав/-т тус тус үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Гэгээрлийн сайдын 1998 оны 259 дүгээр тушаалаар баталсан "Бага, дунд боловсролын улсын шалгалтын журам", Гэгээрлийн сайдын 1999 оны 18 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Бүрэн дунд боловсрол эзэмшигчдээс авах улсын шалгалтыг зохион байгуулах заавар", Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 100 дугаар, 127 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


САЙД                                                       П.ЦАГААН

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2005 оны 435 дугаар тушаалын хавсралт


БАГА, СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ТӨГСГӨЛТИЙН
ШАЛГАЛТЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын хэрэгжилтийг үнэлэх, бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчийн сурлагын чанар, амжилтын түвшинг тогтоох ерөнхий боловсролын сургалтын тухайн байгууллагын үнэлгээг төгсгөлтийн шалгалт гэнэ.
1.2. Төгсгөлтийн шалгалтыг зохион байгуулахад энэхүү журмыг баримтална.
1.3. Бага, суурь, бүрэн дунд боловсролын агуулгыг сургалтын аль нэг хэлбэрээр судалсан этгээд төгсгөлтийн шалгалт өгнө. Төгсгөлтийн шалгалтыг бичгээр авна.
1.4. Төгсгөлтийн шалгалтын агуулга, аргазүй, төрөл, хэлбэр нь бага, суурь, бүрэн дунд боловсролын стандарт, түүний үзэл санаанд нийцсэн байна.
1.5. Төгсгөлтийн шалгалтын үйл явц нь шударга, нээлттэй, үр дүн нь бодитой, хараат бус байна.

Хоёр. Төгсгөлтийн шалгалтын агуулга, хэлбэр
2.1. Бага, суурь, бүрэн дунд боловсролын сургуульд суралцагч тухайн түвшний боловсролын төгсгөлтийн шалгалт заавал өгнө.
2.2. Бага, суурь, бүрэн дунд боловсролын агуулгыг дүйцсэн сургалтын хэлбэрээр судалсан этгээд төгсгөлтийн шалгалтыг өгөхийг хүсвэл энэ тухай хүсэлтээ бичгээр гаргаж, төгсгөлтийн шалгалтын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн, бүртгэлийн дугаар авна.
2.3. Төгсгөлтийн шалгалтын материал нь шалгуулагчдын эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хандлага, цогц чадамжийн төлөвшлийг илрүүлэхэд чиглэсэн, монгол хэл, математик, байгалийн ухаан, нийгмийн ухаан, гадаад хэл, технологи гэсэн чиглэлийг хамарсан бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартуудад нийцсэн агуулгатай байна.
2.4. Төгсгөлтийн шалгалтыг боловсролын агуулгын дээр дурдсан чиглэл бүрээр, эсвэл агуулгын эдгээр чиглэлийг бүхэлд нь хамарсан нэгдмэл агуулгаар авч болно. Төгсгөлтийн шалгалтыг ямар хэлбэрээр авахыг багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэж тогтох бөгөөд эл шийдвэрийнхээ үндэслэлийг шалгуулагч болон эцэг эхэд тайлбарласан байна.
2.5. Төгсгөлтийн шалгалтыг нэгдмэл агуулгаар авсан тохиолдолд төгсгөлтийн шалгалтын материалд тухайн агуулгын чиглэлийн даалгаврын эзлэх хувь, харьцааг онол, арга зүйн үндэслэлтэй тогтоосон байна.
2.6. Бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсгөлтийн шалгалтын даалгавар нь тухайн агуулгын өвөрмөц онцлогийг тооцсон, шалгуулагчийн эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлага, цогц чадамжийн төлөвшлийг бодитой илрүүлэхэд чиглэсэн уян хатан, олон төрөл, хэлбэртэй байна.
2.7. Төгсгөлтийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацааг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон байна.

Гурав. Төгсгөлтийн шалгалтын зохион байгуулалт
3.1. Бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсгөлтийн шалгалтын комиссийг багш нарын заах аргын нэгдлийн саналыг харгалзан ерөнхий боловсролын сургуулийн захирлын тушаалаар байгуулна.
3.2. Төгсгөлтийн шалгалтын комисс нь дараах чиг үүрэгтэй ажиллана.
3.2.1. Шалгалт авах хугацааг зарлан мэдэгдэх;
3.2.2. Шалгалтад хамрагдах шалгуулагчдын тоог гаргах;
3.2.3. Шалгалтын материалыг боловсруулах, хувилж олшруулах, дүнг нэгтгэн мэдээлэх, тайлан тооцоо гаргах;
3.2.4. Төгсгөлтийн шалгалт өгснийг нотолсон баримт бичгийг шалгуулагчдад олгох;
3.2.5. Төгсгөлтийн шалгалтын мэдээлэл, шалгалтын стандартчилагдсан материалын санг бүрдүүлэх;
3.2.6. Шалгалтын дүнг нэгтгэн боловсруулах, дүгнэлт хийх, тайлан гаргаж суралцагч, эцэг эхэд мэдээлэх;
3.2.7. Тухайн хичээлийн жилийн төгсгөлтийн шалгалтын мэдээ, тайланг шалгалт авсан сэдвийн хамт 6 дугаар сарын 25-ны дотор аймаг, нийслэлийн боловсрол, соёлын газраар дамжуулан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх.
3.3. Төгсгөлтийн шалгалтын бэлтгэлийг хангах, зохион байгуулах, мэдээллийн санг бүрдүүлэх, шалгалтын мэдээ, тайланг нэгтгэх, нэгдсэн удирдамжаар хангах, арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий "Төгсөлтийн шалгалтын аймаг, нийслэлийн комисс"-ыг аймаг, нийслэлийн боловсрол, соёлын газрын даргын шийдвэрээр байгуулж болно.
3.4. Төгсгөлтийн шалгалтын комиссын бүрэн эрхийн хугацаа нь төгсгөлтийн шалгалтын дүнг ерөнхий боловсролын сургуулийн багш нарын зөвлөлийн хуралд тайлагнаснаар дуусгавар болно.

Дөрөв. Шалгуулагч, түүнд олгох баримт
4.1. Бага, суурь, бүрэн дунд боловсролын агуулгыг дүйцсэн сургалтын хэлбэрээр судалж төгсгөлтийн шалгалт өгсөн этгээдэд энэхүү шалгалтыг өгснийг гэрчилсэн баримтыг түүний бүртгэлийн дугаар, өргөдөл, төгсгөлтийн шалгалтын үнэлгээг үндэслэн олгоно.
4.2. Шалгуулагчийн төгсгөлтийн шалгалтын үнэлгээг суурь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, үнэмлэхийн "Төгсгөлтийн шалгалт" хэсэгт бичиж тэмдэглэнэ.
4.3. Төгсгөлтийн шалгалтыг хүндэтгэх шалтгаангүйгээр тухайн үед өгч чадаагүй тохиолдолд шалгуулагчдад суурь, бүрэн боловсрол эзэмшсэнийг нотолсон гэрчилгээ, үнэмлэхийг тухайн жилд олгохгүй. Харин хүндэтгэх шалтгааны улмаас өгч чадаагүй бол боловсролын агуулгын дээр дурдсан чиглэл бүрээр улирлуудын сурлагын амжилтын дунджийг тооцож, тэдгээрийн дундаж хувиар төгсгөлтийн шалгалтын үнэлгээг гаргана.

Тав. Төгсгөлтийн шалгалтын мэдээллийн сүлжээ, эргэх холбоо

5.1.Төгсгөлтийн шалгалтын үйл явц, үр дүнг задлан шинжлэх, төгсгөлтийн шалгалтын материалд тоон болон чанарын үнэлгээ хийж, мэргэжлийн зөвлөгөө, удирдамжаар хангах, мэдээллийн нөөцийг нэмэгдүүлэх, мэдээллийн болон шалгалтын стандартчилагдсан материалын үндэсний сан, сүлжээг байгуулах, төгсгөлтийн шалгалт, үнэлгээний чиглэлээр ерөнхий боловсролын сургалтын байгууллагын хүний нөөцийн чадавхийг тасралтгүй дээшлүүлэх, төгсгөлтийн шалгалтын явц, үр дүнд үнэлгээ, дүгнэлт өгөх, нэгдсэн тайлан гаргах асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
5.2. Мэдээллийн сан нь шалгалтын стандартчилагдсан материал, шалгуулагчдын нэгдсэн бүртгэл, статистик, дүн шинжилгээний тайлан, төгсгөлтийн шалгалтыг боловсронгуй болгоход чиглэсэн санал, дүгнэлт зэрэг үндсэн агуулгаас бүрдэнэ.
5.3. Төгсгөлтийн шалгалтын явц, дүнд хийсэн задлан шинжилгээ, төгсгөлтийн шалгалтын материалын тоон болон чанарын үнэлгээний дүн, ерөнхий дүгнэлт, зөвлөгөө гэсэн агуулгаар төгсгөлтийн шалгалтын нэгдсэн тайланг бичнэ. Төгсгөлтийн шалгалтын нэгдсэн тайланг хэвлүүлэн ерөнхий боловсролын сургалтын байгууллагад хүргүүлнэ.

Зургаа. Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
6.1. Төгсгөлтийн шалгалтын материалын нууц задалсан, шалгуулагчийн үнэлгээнд бодит бус байдлаар хандсан, боловсролын гэрчилгээ, үнэмлэхэд төгсгөлтийн шалгалтын үнэлгээг буруу бичсэн зэрэг зөрчил гаргасан этгээдэд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

-000-