Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Бага, дунд болосролын тухай хууль PDF Хэвлэх Имэйл

 

МОНГОЛ УЛСЫН
ХУУЛЬ

 

2002 оны 05 дугаар сарын 03-ны өдөр                                                                                                              Улаанбаатар хот
БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь иргэнд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2 дугаар зүйл. Бага, дунд боловсролын зорилго

2.1.Бага, дунд боловсролын зорилго нь суралцагчид ерөнхий боловсрол эзэмшүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, хүмүүнлэг ёсонд суралцах, авьяас чадвараа хөгжүүлэх, амьдрал, хөдөлмөрт болон тасралтгүй сурал¬цахад өөрийгөө бэлтгэхэд нь туслахад оршино.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Бага, дунд боловсролын агуулга
3 дугаар зүйл. Сургуулийн өмнөх боловсролын агуулга

3.1.Сургуулийн өмнөх боловсролын агуулга нь хүүхдэд дараахь мэдлэг, чадвар олгож, төлөвшүүлэхэд чиглэгдэнэ:
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
3.1.1.бие бялдрын хувьд эрүүл чийрэг, хэл яриа, хараа, сонсгол хэвийн, үндсэн хөдөлгөөнийг зөв гүйцэтгэдэг, ариун цэвэр, эрүүл ахуйн анхны хэвшилтэй болгох;
3.1.2.сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, хүмүүнлэг ёс, байгалийн юмс, үзэгдлийн талаар анхдагч ойлголт эзэмшүүлэх;
3.1.3.хүрээлэн байгаа орчин, эд юмс, үйл явдлыг дүрслэн зурах, урлан бүтээх, дуулах, хөгжимдөх, бүжиглэх анхны төсөөлөлтэй болгох;
3.1.4.эцэг, эх, ах, эгч, дүү, бусад хүнийг хүндэлж, эелдэг харьцаж сургах;
3.1.5.бие даасан, эвсэг нийтэч чанарыг хөгжүүлэх;
3.1.6. бага боловсрол эзэмшихэд бэлтгэж, санаа бодлоо зөв илэрхийлэх, бусдыг ойлгох, өөртөө үйлчлэх дадал, чадвартай болгох;
3.1.7. сурч мэдэх эрмэлзлэл төлөвшүүлэх.
/Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
4 дүгээр зүйл. Бага боловсролын агуулга
4.1.Бага боловсролын агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ:
4.1.1. эх хэлээрээ зөв ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэх, уншиж, бичиж сургах;
4.1.2. тоо бодох, түүнийг амьдрал ахуйдаа хэрэглэж сурах;
4.1.3.хүрээлэн байгаа орчны үзэгдэл, юмсын талаар зохих шатны мэдлэг эзэмшүүлэх;
4.1.4.гоо зүй, хүмүүнлэг, үндэсний дэвшилт, ёс заншил, соёлын өв уламжлал, эрүүл ахуйн зохих шатны мэдлэг, чадвар эзэмшүүлэх;
4.1.6.өөрийн болон бусдын хөдөлмөрийг хүндэтгэх, үнэнч шударга, хамтач байдлыг эрхэмлэх үзэл төлөвшүүлэх;
4.1.7.бие дааж сурах арга барил эзэмшүүлэх.
4.2.Бага боловсролын агуулгын хүрээнд гадаад хэл, мэдээлэл зүйн анхны мэдлэг олгож болно.
5 дугаар зүйл. Суурь боловсролын агуулга
5.1.Суурь боловсролын агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ:
5.1.1.эх хэл болон гадаад хэл, математик, мэдээлэл зүй, шинжлэх ухаан, эрх зүйн зохих шатны мэдлэг, өөрийн авьяас, чадварт тулгуурлан бие даан амьдрахад шаардлагатай чадвар, дадал эзэмшүүлэх;
5.1.2.гоо зүй, ёс суртахууны соёлтой, эрүүл чийрэг, иргэний үүргээ ухамсарласан, үнэнч шударга, хамтач, энэрэнгүй, эх оронч, хууль ёсыг дээдлэн сахидаг, үндэсний болон хүн төрөлхтний дэвшилт ёс заншил, соёлын үнэт зүйлсийг хүндлэн хайрладаг болгон төлөвшүүлэх;
5.1.3. эрүүл аж төрөх ёс, гэр бүлийн амьдралын анхан шатны ойлголт, соёлын төсөөлөл эзэмшүүлэх;
5.1.4. бие даан бүтээлчээр суралцах арга барил төлөвшүүлэх.
6 дугаар зүйл. Бүрэн дунд боловсролын агуулга
6.1.Бүрэн дунд боловсролын агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ:
6.1.1.эх хэлээрээ утга төгөлдөр найруулж бичих, ярих чадвар, гадаад хэлний зохих мэдлэг эзэмшүүлэх;
6.1.2.байгаль, нийгэм, хүмүүнлэг, математик, мэдээлэл зүйн шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх;
6.1.3.мэргэжлийн чиг баримжаа олгож, бие даан амьдарч, хөдөлмөрлөх, үргэлжлүүлэн суралцахад бэлтгэх;
6.1.4.бие бялдраа хөгжүүлж, эрүүл аж төрөх ёсыг сахих, гэр бүлийн болон амьдрал ахуйгаа хөтлөх арга барилд сургах, эх оронч, хууль ёсыг дээдлэх үзэл төлөвшүүлэх.
7 дугаар зүйл. Бага, дунд боловсрол эзэмшүүлэх хугацаа
7.1. Сургуулийн өмнөх боловсролыг хүүхдэд ерөнхий боловсролын сургуульд орох хүртэлх хугацаанд эзэмшүүлнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7.2. Бага боловсролыг 6, суурь боловсролыг 9, бүрэн дунд боловсролыг 12 жилд тус тус эзэмшүүлнэ.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
7.3. Ерөнхий боловсролын сургуульд мөрдөх сургалтын төлөвлөгөөг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, батална.

7.4. Суралцагч эзэмшвэл зохих боловсролыг тогтоосон хугацаанаас өмнө эзэмшсэн бол дараагийн ангид дэвшүүлэх буюу анги алгасуулан суралцуулж болно.
8 дугаар зүйл. Бага, дунд боловсролын сурах бичиг
8.1.Бага, дунд боловсролын сурах бичиг нь боловсролын стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна.
8.2.Энэ хуулийн 8.1-д заасан стандарт, шаардлагад нийцсэн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх ажлыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу зохион байгуулна.
/Дээрх 8 дугаар зүйлийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9 дүгээр зүйл. Бага, дунд боловсролын стандартын хэрэгжилт
9.1.Суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшил, сурлагын ахиц, өөрчлөлтийг сургалтын явцад болон анги дэвших, сургууль төгсөхөд нь шалган үнэлж боловсролын стандартын хэрэгжилтийг дүгнэнэ.
9.2.Боловсролын стандартын хэрэгжилтийг багшийн үнэлгээ, сургуулийн шалгалтын болон хөндлөнгийн үнэлгээний байгууллагын дүнгээр тодорхойлно.
9.3.Боловсролын стандартын хэрэгжилтийг дүгнэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9.4.Бүрэн дунд, мэргэжлийн боловсрол эзэмшин төгсөгчид гэрчилгээ, үнэмлэх олгоно.
/Дээрх 9 дүгээр зүйлийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Бага, дунд боловсролын байгууллага
10 дугаар зүйл. Бага, дунд боловсролын байгууллагын тогтолцоо

10.1.Бага, дунд боловсролын байгууллага нь ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, боловсролын арга зүйн байгууллагаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.2.Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвтэй холбогдсон харилцааг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиар зохицуулна.
11 дүгээр зүйл. Цэцэрлэг
11.1.Цэцэрлэг нь хоёроос дээш наснаас сургуульд орох хүртэлх хугацаанд хүүхдийн бие бялдар, оюун санааг хөгжүүлж, төлөвшүүлэх сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллага мөн.
11.2.Цэцэрлэг нь боловсролын стандартын дагуу хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлнэ.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
11.3.Цэцэрлэг нь ердийн, асрамжийн, сувиллын гэсэн хэв шинжтэй байна.
11.4. Аж ахуйн нэгж, байгууллага нь цэцэрлэгтэй байж болно.
11.5.Цэцэрлэг нь боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагаас зөвшөөрөл авч нэмэлт сургалт явуулж болно.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
11.6.Цэцэрлэг нь хамран сургах тойргийнхоо цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх түр сургалт зохион байгуулах, тэдний эцэг, эх, асран хамгаалагчид мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
11.7.Асрамжийн болон сувиллын цэцэрлэгт мөрдөх журмыг боловсролын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.
11.8.Цэцэрлэг нь эрхлэгч, багш, туслах багш болон үйлчилгээний бусад ажилтантай байна.
11.9.Цэцэрлэгийн эмзэг бүлгийн болон эрхтэн согогтой, оюун ухааны хөгжил дутмаг хүүхдийн бүлэгт ээлжийн багш ажиллуулж болно.
11.10. Асрамжийн болон сувиллын цэцэрлэгт эмч ажиллана.
/Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
12 дугаар зүйл. Ерөнхий боловсролын сургууль
12.1.Ерөнхий боловсролын сургууль нь боловсролын стандартаар тогтоосон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага мөн.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
12.2.Эзэмшүүлэх боловсролын түвшинг харгалзан ерөнхий боловсролын сургуулийг бага, дунд, ахлах сургууль гэж ангилна. Бага, дунд, ахлах сургууль нь цогцолбор хэлбэрээр хоршин ажиллаж болно.
12.3.Ерөнхий боловсролын сургууль нь ердийн, мэргэжлийн, гүнзгийрүүлсэн, тусгай сургалттай гэсэн хэв шинжтэй байна.
12.4.Ерөнхий боловсролын сургуульд 6 настай хүүхдийг элсүүлнэ. Зохих бололцоо, нөхцөл бүрдсэн ерөнхий боловсролын сургуульд 6 настай хүүхдийг элсүүлэн суралцуулж болно.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
12.5.Ерөнхий боловсролын сургууль нь сургууль завсардсан, эсхүл сургуульд сурч байгаагүй хүүхэд, насанд хүрэгчдэд орой, эчнээ, бусад хэлбэрээр бага, суурь, бүрэн дунд боловсрол болон энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан мэдлэгийг эзэмшүүлж болно.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
12.6. Ерөнхий боловсролын сургуульд захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, багш, нийгмийн ажилтан, бусад ажилтан ажиллана.
12.7.Сургуулийн онцлогийг харгалзан захиргааны удирдлагын орон тооны үлгэрчилсэн нормативыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
13 дугаар зүйл. Ерөнхий боловсролын тусгай сургууль
13.1.Ерөнхий боловсролын тусгай сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах үйлчилгээ үзүүлж, бага, суурь, бүрэн дунд боловсрол, мэргэжил эзэмшүүлэх сургалтын байгууллага мөн. Оюун ухааны хөгжил дутуу, хэл, хараа, сонсголын эрхтний согогтой хүүхдэд олгох боловсролыг тусгай хэрэгцээт боловсрол гэнэ.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
13.2.Ерөнхий боловсролын тусгай сургуулийн хамран сургах тойрог тогтоох, аймаг, нийслэл, сум, дүүрэгт салбар бүлэг ажиллуулах, элсэлтийг зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
13.3.Ерөнхий боловсролын бусад сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.
13.4.Ерөнхий боловсролын тусгай сургууль нь ерөнхий боловсролын бусад сургууль, багш, иргэн, гэр бүл, олон нийтэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлнэ.
/Дээрх 13.3, 13.4 дэх хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
13.5. Тусгай сургуульд орон тооны арга зүйч, нийгмийн болон эрдэм шинжилгээний ажилтан тус тус ажиллаж болно.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
13.6.Ерөнхий боловсролын тусгай сургуульд энэ хуулийн 12.6-д заасан ажилтнаас гадна эмч ажиллана.
13.7.Ерөнхий боловсролын тусгай сургууль нь сургалт-үйлдвэрлэлийн дадлагын газартай байж болно.
14 дүгээр зүйл. Мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль
14.1.Суралцагчид бага, суурь, бүрэн дунд болон мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтыг хослон явуулдаг сургалтын байгууллагыг мэргэжлийн сургалттай ерөнхий боловсролын сургууль гэнэ.
14.2.Мэргэжлийн сургалттай ерөнхий боловсролын сургууль нь хөгжим, бүжиг, дүрслэх урлаг, биеийн тамир, техник, технологи зэрэг чиглэлээр суралцагчийн авьяас, чадварыг багаас нь хөгжүүлэх тусгай хөтөлбөрийн дагуу сургалт явуулах, эсхүл суралцагчийн чөлөөт сонголтоор тодорхой мэргэжлийн анхан шатны боловсролыг эзэмшүүлэх хэлбэртэй байж болно.
14.3.Шинжлэх ухааны нэг буюу хэд хэдэн чиглэлээр бүх нийтийн ерөнхий боловсролын стандартаас давсан агуулгаар сургалт явуулдаг сургуулийг гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль гэнэ.
14.4.Мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль нь суралцагчид бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын агуулгыг заавал эзэмшүүлнэ.
14.5.Мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үлгэрчилсэн журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
14.6.Мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг тухайн сургуулийн саналыг үндэслэн аймаг, нийслэлийн боловсролын газар  батална.
Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
14.7.Ерөнхий боловсролын сургууль нь мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах арга, технологийн талаар судалгаа, шинжилгээний ажил эрхэлж болно.
14.8.Мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журмыг тухайн сургуулийн зөвлөл тогтооно.
14.9.Мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд бүх нийтийн ерөнхий боловсролын стандартаас давсан агуулгаар явуулсан сургалтын нэмэгдэл зардлын хэмжээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан жишгийг үндэслэн сургуулийн зөвлөл тогтооно. Сургалтын нэмэгдэл зардлыг эцэг, эх, асран хамгаалагчаас гаргуулж болно.
14.10.Мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалтыг мэргэжлийн зэрэгтэй багш удирдана.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Бага, дунд боловсролын сургалтын
ажлын зохион байгуулалт
15 дугаар зүйл. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн
жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацаа
/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.1. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.2.Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах хугацааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.З.Нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.4.Хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах болон суралцагчдын амралтын хугацааг энэ хуулийн 15.3-т зааснаас бусад нөхцөлд өөрчлөх, хичээлийг түр хугацаагаар хаахыг хориглоно.
16 дугаар зүйл. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын
ажлын зохион байгуулалт
/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.1.Цэцэрлэгийн сургалтын ажлыг бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгээр зохион байгуулна. Хүүхдийн тоо хүрэлцэхгүй тохиолдолд холимог бүлэг зохион байгуулж болно.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
16.2.Ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг анги, бүлгээр зохион байгуулна. Гадаад хэл, мэргэжлийн сургалтын дадлага, мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалтыг дэд бүлэг, хэсгээр зохион байгуулж болно.
16.З.Ерөнхий боловсролын сургуулийн нэг бүлэгт байх хүүхдийн болон долоо хоногт хичээллэх цагийн тоо, нэг хичээлийн үргэлжлэх хугацаа, завсарлагааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17 дугаар зүйл. Ерөнхий боловсролын сургуулийн дэг
17.1.Ерөнхий боловсролын сургууль нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн дотоод журамтай байна.
17.2.Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч эрмэлзэл, үлгэрчилсэн дүрэмтэй байх бөгөөд тэдгээрийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
17.3. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч дүрэмт хувцастай байна.
18 дугаар зүйл. Хичээлээс гадуурх сургалтын ажил
18.1. Хичээлээс гадуурх сургалтын ажил нь суралцагчийн танхимд эзэмшсэн мэдлэг, чадварыг бататгах, баяжуулах, тэдний авъяас, сонирхлыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэнэ.
18.2.Хичээлээс гадуурх сургалтын ажлын үлгэрчилсэн хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран тогтооно.
18.З.Сургуулийн захиргаа нь хичээлээс гадуурх сургалтын ажлыг дугуйлан, түр сургалт, соёл, урлаг, спортын арга хэмжээ зэрэг хэлбэрээр үлгэрчилсэн хөтөлбөр, хуваарийн дагуу холбогдох байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, иргэдтэй хамтран зохион байгуулна.
18.4. Сургууль хүндэтгэлийн танхим, булантай байж болно.
ТАВДУГААР БҮЛЭГ
Бага, дунд боловсролын сургалтын
байгууллагын удирдлага
19 дүгээр зүйл. Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага
/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.1.Ерөнхий боловсролын сургуулийн өөрийн удирдлага нь сургуулийн зөвлөл байна. Сургуулийн зөвлөл Боловсролын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдан үйл ажиллагаагаа явуулна.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.2. Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийг үүсгэн байгуулагчийн томилсон захирал удирдана.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.3.Гадаад улстай хамтарсан хэлбэрээр байгуулсан ерөнхий боловсролын сургууль нь удирдах зөвлөлтэй байна. Удирдах зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар зохицуулна.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.4.Ерөнхий боловсролын сургуулийн мэргэжил, арга зүйн удирдлагыг багш нарын зөвлөл, заах аргын нэгдэл /тэнхим/ эрхэлнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.5. Сургуулийн зөвлөлийн болон багш нарын зөвлөлийн үлгэрчилсэн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.6. Заах аргын нэгдэл /тэнхим/-ийн ажиллах журмыг багш нарын зөвлөлийн саналыг үндэслэн захирал баталж, мөрдүүлнэ.
19.7.Сургуульд эцэг, эх, асран хамгаалагчийн болон суралцагчдын байгууллага ажиллаж болно.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20 дугаар зүйл. Ерөнхий боловсролын сургуулийн
захирлын нийтлэг эрх, үүрэг
/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.1. Захирал нь дараахь эрхтэй:
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.1.1.холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх;
20.1.2. багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх;
20.1.3. багш нарын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн суралцагчийг анги дэвшүүлэх болон алгасуулан суралцуулах, улируулах, сургууль төгсгөх, сургуулиас хасах, чөлөөлөх;
20.1.4. сургалтын үйл ажиллагаатай холбогдох асуудлаар суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч болон зохих байгууллагад шаардлага тавьж шийдвэрлүүлэх;
20.1.5. дотоод, гадаадын сургууль, аж ахуйн нэгж, байгууллагатай хууль тогтоомжийн дагуу гэрээ, хэлцэл хийж, хамтран ажиллах;
/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.1.6. сургалтын үйл ажиллагааны дэвшилтэт арга, хэлбэрийг турших, нэвтрүүлэх.
20.2. Захирал нь дараахь үүрэгтэй:
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.2.1.боловсролын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах;
20.2.2.сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.2.3.сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх;
/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.2.4.сургуулийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв, хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах;
/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.2.5.сургуулийн санхүү, нягтлан бодох бүртгэл, статистикийн мэдээ, тайланг хугацаанд нь үнэн зөв гаргах ажлыг зохион байгуулах;
/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.2.6.суралцагчийн авьяас, чадварыг хөгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх;
20.2.7.багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох;
20.2.8.хамран сургах тойргийн хүүхдийг сургуульд бүрэн хамруулж, тэдэнд суурь боловсрол заавал эзэмшүүлэх, иргэдэд нийтийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулах;
20.2.9.багш, суралцагч, ажилтны хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш
21 дүгээр зүйл. Ерөнхий боловсролын сургуулийн
багшийг бэлтгэх, давтан бэлтгэх
/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.1. Ерөнхий боловсролын сургуулийн багшийг багш бэлтгэдэг их сургууль, дээд сургууль, коллежид бэлтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.2. Багш нь багшлах эрхтэй байна.
21.З. Багш бус мэргэжлийн хүн заах арга зүйн сургалтад хамрагдсаны дараа багшлах эрх авна.
21.4. Ерөнхий боловсролын сургуулийн багшид заах аргач багш, тэргүүлэх багш, зөвлөх багш гэсэн мэргэжлийн зэрэг олгоно.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.5.Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
21.6.Ерөнхий боловсролын сургуулийн багшийн заах арга, мэргэжлийн ур чадвар, мэргэшил дээшлүүлэх сургалтыг төвлөрсөн, бүсчилсэн болон зайны хэлбэрээр зохион байгуулахад Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан байгууллага мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
22 дугаар зүйл. Багшийн эрх, үүрэг
22.1.Багш нь Боловсролын тухай хуулийн 44.2-т зааснаас гадна дараахь үүрэгтэй:
22.1.1. багшийн ёс зүйн хэм хэмжээг хүндэтгэн сахиж биелүүлэх;

22.1.2.холбогдох хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, сургуулийн зөвлөлийн шийдвэрийг мөрдөх, тэдгээрийг суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, иргэдэд сурталчлах, суралцагчаа хуулийг хүндлэн дээдэлж, сахин биелүүлдэг болгох;
/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
22.1.3.бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартыг мөрдөж, заах арга, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх;
22.1.4.сургалтын ажлын баримт бичгийг зохих журмын дагуу хөтлөх, хичээлийн хуваарь, үргэлжлэх хугацааг мөрдөх;
22.1.5.хичээлийг багш, суралцагчийн хамтын бүтээлч үйл ажиллагаа болгон зохион байгуулах, суралцагчийг сэтгэн бодох, бие даан ажиллах чадвар, дадалд сургах, сурах явцад тохиолдох бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд нь эцэг, эх, асран хамгаалагчид зөвлөх, туслах, суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг зөв үнэлэх;
22.1.6.хүүхдийн авьяас, чадвар, сонирхлыг нээн илрүүлж, чиг зорилготой хөгжүүлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалахад эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх;
22.1.7. сургалтын ажлын эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын шаардлагыг хангах;
22.1.8. бага насны хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн асуудлаар сургуулийн эмч болон эцэг, эх, асран хамгаалагчид шаардлагатай мэдээлэл өгөх.
22.2. Багш нь Боловсролын тухай хуулийн 44.1-д зааснаас гадна сургууль болон багш, суралцагчийн сургалтын ажил, эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэх аливаа үйл ажиллагааг таслан зогсоох, хориглоход биечлэн оролцох эрх эдэлнэ.
ДОЛДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл
23 дугаар зүйл. Бага, дунд боловсролын тухай хууль тогтоомж
зөрчигчид хүлээлгэх хариуцлага
23.1.Бага, дунд боловсролын тухай хууль зөрчигчид Боловсролын тухай хуулийн 48.2-т заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА                                   С.ТӨМӨР-ОЧИР